Ашигт малтмалын баяжигдах шинж чанарын технологийн туршилт, судалгаа нь өгөгдсөн хүдрээс эдийн засгийн ач холбогдолтой эрдсийг тухайн эрдсийн болон түүнийг агуулагч чулуулгийн хими, физикийн шинж чанарт нь үндэслэн, эдийн засгийн үр ашигтайгаар ялган авах, технологийн арга, горимыг олж тогтооход орших бөгөөд баяжуулах туршилтын үр дүнд дүн шинжилгээ хийж оновчлолыг тогтоон тайлагнаж, ашигт малтмал баяжуулах тохиромжтой арга технологийг санал болгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг технологийн туршилт судалгааны танилцуулгаас татаж харна уу.
Хяналтын туршилт /Урьдчилсан туршилт/-ын зорилго нь тухайн ордын төрөл, хайгуулын үе шатанд хийгдсэн минералоги, петрографийн судалгаагаа, литологийн бичиглэлд тулгуурлан хүдрийн нийтлэг төлөвийг тодорхойлох цөөн тооны багц дээжид ашигт малтмал баяжуулах технологийн аргуудаар туршилт судалгаа гүйцэтгэж, ижил төстэй ордыг ашиглаж буй үйлдвэрлэлийн технологийн мэдээлэлтэй харьцуулан урьдчилан дүгнэлт гаргах цаашлаад дараагийн шатны туршилтын техникийн даалгаврыг санал болгох юм.
Тандалт туршилт нь хяналтын туршилтаар сонгогдсон нэг аргачлал, ижил горимд хүдрийн биетийн агуулагч чулуулаг, исэлдлийн түвшин, гүн, хүдрийн эрдсийн найрлага, металл авалтад ямар зүй тогтол хамааралтайгаар нөлөөлж байгааг тодорхойлох, тухайн ордын геологийн нөөц бодсон хүдрийн биетүүд баяжуулах технологийн хувьд ижил шинж чанартай эсэхийг тогтоох зорилготой.
Нарийвчилсан туршилт нь тандалт туршилтаар тогтоогдсон технологийн ижил шинж чанартай хүдрийн биет тус бүрийг төлөөлөх нийлмэл дээжид металл авалт хамгийн өндөр байх бутлалт, нунтаглалт ширхэглэлийн хэмжээ, шаардлагатай химийн урвалжийн төрөл, тун хэмжээ, орчин нөхцөл зэрэг горимыг оновчлон тогтоох зорилготой.
Томсгосон туршилт нь уурхайн хүдэр олборлох уулын ажлын төлөвлөгөө, ашиглалтын блок, геологийн хүдрийн биет, технологийн хүдрийн биет тус бүр дээр нарийвчилсан туршилтаар сонгогдсон горимыг баталгаажуулах, төслийн үйлдвэрлэлийн календарчилсан төлөвлөгөөг гаргах, баяжуулах үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж сонгох, ус шлам масс бланс горимын тооцоолол гаргах зорилгоор хийгдэх цогц судалгааг хэлнэ.
“Хагас үйлдвэрлэлийн туршилт нь томсгосон туршилтын үр дүнг баталгаажуулах, технологи нийлүүлэгч, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчээс эцсийн бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанарт баталгаа гаргуулах, хөрөнгө оруулагч болон худалдан авагч /Off-Taker/-ийн эрх ашгийг хамгаалах зорилготой хийгддэг.